Ирээдүйд үнэ цэн нь өсөх, өгөөжөө өгөх орон сууцыг хэрхэн таних вэ? 

Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авагчид зөв сонголт хийх нь амжилттай хөрөнгө оруулалтын түлхүүр юм. Байршил, барилгын чанар, үл хөдлөхийн зах зээлийн хандлага, төсөл хэрэгжүүлэгчийн нэр хүнд зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, нарийн судалгаанд үндэслэн шийдвэр гаргах нь таны хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, ирээдүйн худалдан авалтад  суурь хөрөнгө болох боломжийг бүрдүүлдэг.  

Байршил: Түлхүүр хүчин зүйл 

Бүхий л цаг үед орон сууцны сонголтод байршил хамгийн чухал хүчин зүйлс байдаг. Эзний өмчийг нэмэгдүүлж, түрээсийн орлого олох зорилготой юу? Эсвэл сургууль-гэр-ажил гэсэн гурвалжингаа зөв шугамд төлөвлөх үү гэдгээс хамааран харилцан адилгүй шийдвэр гарах ч дэд бүтэц, худалдаа үйлчилгээний төвүүд, эмнэлэг, сургууль зэрэг байгууламжтай ойр байх нь зөвхөн тав тухыг биш, орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Нөгөө талаас хотын энэ их түгжрэл дунд цаг хэмнэх шилдэг шийдэл бол зөв байршил юм.  

Зах зээлийн хандлага: Хөрөнгө оруулалтын үнэт суурь 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлага, ирээдүйн үнэ өсөлтийн боломжийг урьдчилан харж хөрөнгө оруулах нь амжилттай бизнесийн үндэс юм. Өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлд эрэлт ихтэй, хязгаарлагдмал нийлүүлэлтийн бүсэд байрлах үл хөдлөх хөрөнгө үргэлж өндөр үнэлгээтэй байдаг. 

Мөн чанартай барилга, төсөл хэрэгжүүлэгчийн нэр хүнд, зөв байршил нь зах зээлд үргэлж эрэлтийг бий болгож байдаг гэхэд хэлсдэхгүй биз.  

Барилгын чанар ба дизайн, төлөвлөлт – Чанартай барилгын эрэлт үргэлж өндөр байдаг 

Орчин үеийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд рүү чиглэж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйлс нь ашиглалтын зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангах системүүдийн шийдлүүд байдаг. Энэ чиг хандлага нь өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлд ч тодорхой нөлөө үзүүлж байна.  Мөн оршин суугчдад зориулсан нийтийн эзэмшлийн талбайн төлөвлөлт, барилгын чанар болон дизайн нь томоохон ач холбогдолтой. Өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлд энэ бүх хүчин зүйлсийн хослолоор онцгой шийдлүүдийг санал болгож байгаа нь үнэ цэнтэй, амьдрах орчны чанарт нөлөөлөх гол элемент болжээ. 

Төсөл хөгжүүлэгчийн нэр хүнд 

Хөрөнгө оруулалтын үнэ цэнтэй орон сууцыг сонгоход төсөл хэрэгжүүлэгчийн нэр хүнд асар их үүрэгтэй. Өмнөх төслүүдийн чанар, хүлээлтийн дагуу хийгдсэн эсэх нь тухайн төслийн ирээдүйн үнэ цэнд баталгаа болдог. Өөрийн менежементийн арга барил, нөу-хау-тай, туршлагатай компаниийн төсөлд хөрөнгө оруулах нь эрсдэл багатай бөгөөд ирээдүйн үнэ цэнийг хадгалах, өсгөхөд нөлөөтэй байдаг.  

Тиймээс зөвхөн орон сууцны чанар бус, төслийг хэрэгжүүлэгч компани, түүний туршлага, зах зээлд эзлэх байр суурийг сайтар судлах нь зүйтэй. 

Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзэж, зөв хөрөнгө оруулалт хийх нь таны хөрөнгийн үнэ цэнийг өсгөх хамгийн чухал алхам юм. 

 

 

 

Хуваалцах: